Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөгжлийн төлөө

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний  салбарын хөгжлийн төлөө өөрийн мэдлэг оюунаа зориулж  яваа нэгэн эрхэм хүнтэй та бүхнийг уулзуулах гэж байгаадаа таатай байна.

Сур: Таны  энэ өдрийн амгаланг ирье

Ш.Эрдэнэхүү: Баярлалаа,  Сэтгүүлийн  байнгын уншигчид,  харилцагч  та  бүхэнд энэ  өдрийн  мэндийг дэвшүүлье.

Сур: Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар улс орны хувьд томоохон хариуцлага хүлээсэн, нүүр царай нь болсон салбар билээ. Энэ салбарт таны оруулж буй хувь нэмэр их байдаг. Түүний нэг нь  таны хөтлөн явуулдаг “Cook time” ТВ нэвтрүүлэг  байна. Ер нь хоолны нэвтрүүлэг хийх санаа анх хэрхэн төрсөн бэ.

Ш.Эрдэнэхүү: “Гүн-Шим” М.С.Байгууллага  анхлан 1993  онд   үүсэн байгуулагдаж улмаар 2001  оноос эхлэн  бүх нийтийн хоол, хүнсний  боловсролыг дээшлүүлэх, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний  чиглэлээр үйл ажиллагаа  явуулж байгаа  бизнесийн байгууллагад менежментийн арга зүйн туслалцаа  үзүүлэх,   танхимын  болоод  ажлын  байран  дээрхи мэргэжлийн сургалт зохион байгуулах  зэрэг  үйл ажиллагааг  нилээн  өргөн  хүрээнд  далайцтай  зохион  байгуулж  ирсэн. Энэ үед телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тэр бүр шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулсан, Монголчуудын амьдралд нийцсэн хоол, хүнстэй  холбоотой практик зөвлөмж, булангууд системтэй явагдахгүй байгааг олж хараад яагаад энэхүү мэдээллийн сул орон зайг ашиглаж цуврал нэвтрүүлэг хийж  болохгүй гэж үзээд UBS ТВ-ийн уран бүтээл эрхэлсэн дэд захирал, МУСГЗ Ж.Баяр ахтай уулзаж санал бодлоо солилцоод, шийдвэрт хүрсэн түүхтэй. Цаг хугацааны  хувьд би энэ үед Сингапур улсын  PSB-ийн  Бүтээмжийн Академид суралцахаар  явах үетэй давхцсан тул энэ завшааныг ашиглаад Сингапураас тухайн үед   30000$-оор бүрэн хэмжээний TB-ийн студийн тоног төхөөрөмж оруулж ирээд  ажлаа эхэлж байлаа. Энэ бүх ажилд Ж.Баяр ах байнга зөвлөж, арга зүйн зөвлөгөө үзүүлж байсан. Үүний дараа хэрхэн ямар тогтолцоогоор нэвтрүүлгээ бэлтгэх, уран бүтээлийн бодлого, мэргэжлийн баг, хамт олныг бүрдүүлэх гээд олон асуудалтай тулгарсан. Гэхдээ сайн хамт олон, цаг үеийн нийгмийн эрэлт хэрэгцээ  өндөртэй  үзэгчид, харилцагч байгууллагуудын дэмжлэгээр ажил маань сайн явагдсан. Олон хүний буян, заяа шингэсэн ажил өөдрөг, гэгээлэг, бүтэмжтэй байдаг юм байна гэдгийг энэхүү “Cook time” нэвтрүүлгийн дугаар бүрийг бэлтгэсэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд  бүрэн ойлгосон.

 С. Нэвтрүүлгийн нэрийг хэрхэн сонгосон бэ?

Ш.Эрдэнэхүү: Одоогийн STV–ийн хөтлөгч, редактор Ч.Нарансоёл өгсөн.  Нэвтрүүлгийн  нэрийг өгөөд зогсоогүй “Cook time” нэвтрүүлгийн  ерөнхий  зохиомж,  эвлүүлэг, найруулга,  өнгийг анхлан тодорхойлсон уран бүтээлч бүсгүй байгаа. 

С: Нэвтрүүлэг хийгээд өдгөө 10 жил болжээ. Таны хоолыг сурсан хүмүүс таньтай хэрхэн холбогддог вэ. Таньд нэвтрүүлгийн хэдэн шавь байгаа вэ.

Ш.Эрдэнэхүү: 10 жил  гэдэг  хүний амьдралд тийм ч бага  хугацаа биш гэдэгтэй  хүн бүхэн санал нийлэх байх. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 500 илүү дугаарыг  бэлтгэж гаргасан байна.  2014 оны 12-р сарын  04-ний  өдөр  501  дэх  дугаараа  үзэгч, олон түмэндээ өргөн барьлаа. Дугаар бүрийг бэлтгэхдээ тухайн  цаг, улирал, зах зээлийн түүхий эд материалын олдоц, нийлүүлэлт, зөвлөмж болгох хоол, бүтээгдэхүүний үндсэн хэрэглэгч нь хэн байх гээд олон хүчин зүйлүүдийг заавал бодолцдог. Тиймээс “Cook time” нэвтрүүлэг нь бүх насныханд зориулагддаг, тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлаж бэлтгэгдэг болохоор нэвтрүүлгийн дугаар бүртэй хамт байдаг үзэгч бүхэн миний шавь байгаасай гэж  хүсдэг. Нэвтрүүлгийн байнгийн үзэгч, зөвлөгч, шүүмжлэгч, туслагч, хамтран ажиллагч  гээд  хоол хүнснийхээ  боловсролд  төдийгүй  үйлдвэрлэл, үйлчилгээний  чанар,  үр ашигт  онцгой анхаарч, нийгмийн өмнө хүлээсэн  үүргээ  биелүүлэхийн төлөө идэвхитэй  хамтран ажилладаг  байнгын харилцагч  мянга, мянган иргэддээ  ойн  баярын мэнд дэвшүүлье . 

С: Одоогоор хэдэн нэвтрүүлэг хийгдсэн байна вэ. Хэдэн нэр төрлийн хоол ундыг заагаад байна вэ гэсэн сонирхолтой тоо хэлнэ үү

Ш.Эрдэнэхүү: 2004 оны 12- р сарын 04-ний өдөр  дугаар №1  нэвтрүүлэгээ  UBS ТВ-ээр үзэгчдэд хүргэж байсан бол 2014 оны 12-р  04- ий өдөр  дугаар №501  дэх  нэвтрүүлэгээ UBS ТВ–ээр үзэгчдэдээ хүргэлээ. Өөрөөр хэлбэл 10 жилийн хугацаанд давталтгүйгээр 15030 минутийн нэвтрүүлгийг бэлтгэсэн тоон судалгаа байна. 10 жилийн хугацаанд тасралтгүй хамтран ажилсан UBS TВ-ийн уран  бүтээлчдэд  давхар  “Баярлалаа”  гэдэг  үгийг  чин сэтгэлээсээ  хэлмээр байна.  

С: Та нэвтрүүлгийнхээ гол чиг хандлагын талаар сонирхуулна уу

Ш.Эрдэнэхүү: Бүх нийтийн хоол хүнсний боловсролыг дээшлүүлэх зорилгоор  шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулсан, амьдралын туршилтаар нотлогдсон  жор, аргачлалыг  хүргэх,  Хоол үйлдвэрлэлийн  технологийн  болоод хэрэглээний соёлыг  нийгэмд төлөвшүүлэхэд  дэмжлэг үзүүлэх, эрүүл, зөв хоололтын зарчимд  иргэдийн анхаарлыг хандуулах, Монголын төдийгүй олон улсын  хоол үйлдвэрлэл, үйлчилгээний  салбарт  гарч байгаа  өөрчлөлт, шинэчлэлийн хандлага,  зохион  байгуулагдаж байгаа бүхий л арга хэмжээний талаар  мэдээ, мэдээллийг  үзэгчдэд  цаг алдалгүй  хүргэхэд  анхаарч, уран бүтээлийн бодлогоо тодорхойлж байгаа Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын цорын ганц мэргэжлийн нэвтрүүлэг байхаар зорьж ажиллаж ирлээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бидэнтэй идэвхитэй хамтран ажиллаж ирсэн Монголын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний  салбарын  хамт олондоо  баярын  мэнд  дэвшүүлье.

С. Та бүхэн хоолны технологийн сургалтын ТВ нэвтрүүлэгт томоохон байр суурь эзэлж байгаа билээ. Сүүлийн жилүүдэд хоолны технологийн олон ТВ нэвтрүүлгүүд  дэлгэрч байгааг та хэрхэн хүлээж авч байгаа вэ

Ш.Эрдэнэхүү: Өөрчлөлт зайлшгүй, өөрчлөлтөнд бэлэн бай  гэж  би үздэг. Өөрчлөлт, хувьсал  зүй ёсных байгаасай гэж хүсдэг. Анх “Cook time”  нэвтрүүлэг  үзэгчдэд хүрч байсан  2004  онд  Монголд  тийм ч олон  Телевизийн  суваг  байхгүй, хоолны нэвтрүүлгийг  бие даасан, тусгай уран бүтээлийн бодлоготой бэлтгэдэг төрөлжсөн студи  байхгүй  байсан  үед  бид  анхдагч  болж  гарч ирсэн. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд “ Cook time” нэвтрүүлэг мэргэжлийн,  бие даасан, үнэн бодит  мэдээлэлд  тулгуурласан, шинжлэх ухааны үндэслэлтэй байх гэсэн чиглэлээр нийгмийн өмнө хүлээсэн  үүргээ  тодорхойлж ирсэн,  цаашид ч  энэхүү бодлогоо  баримтлах  болно. Учир нь  энэхүү нэвтрүүлгээр  дамжуулан иргэдэд өгч  байгаа мэдээ, мэдээллийн ард  олон хүний эрүүл мэнд, эдийн засаг, цаг хугацаа, оюун санааны  асуудал  яригддаг учир  үүнд онцгой анхаарах ёстой гэж үздэг. Тэрчлэн манай нэвтрүүлгийн уран бүтээлийн өөр нэг чухал бодлого бол Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний  салбарын шинжлэх ухаанд  өөрийн  бодит хувь нэмрээ  хэрхэн  оруулах вэ?  гэдэг  асуудал байдаг.  

С: Гадаадын улс орон бүрт хоолны нэвтрүүлгүүд  маш олон байдаг. Нэвтрүүлгийн шинэчлэлийн талаарх танай бодлого

Ш.Эрдэнэхүү: Дэлхий дахинд мэдээлэл  нээлттэй, хил хязгааргүй болсон мэдээллийн эрин зуунд, энэ  цаг үед  бидний  амьдрал тохиож байна. Бидэнд ирж байгаа мэдээлэл  бүхэн үнэн зөв,  бодитой байна уу?  үгүй юу? гэдэгт,  тэр тусмаа хүний амьдралын суурь хэрэгцээ  болсон хоол хүнсний чанарын шалгуур үзүүлэлт, орчин үеийн  хөгжлийн чиг хандлага болсон хүнсний аюулгүй, найдвартай байдлын  үзэл баримтлал, баталгаажуулалтыг хувь хүн бүхэн өөрөө, өөртөө, гэр бүлдээ хэрхэн яаж хийх вэ? Энэ талын боловсрол, мэдээлэл  манай иргэдэд хүртээмжтэй тэр бүр жигд хүрч чадахгүй байна. Ялангуяа манай хүн амын олонхи нь өөрт зайлшгүй шаардлагатай шим, тэжээллэг бодисоо хоол, хүнсээрээ дамжуулан тэр бүр авч чадахгүй байна. Энэ нь цөөн нэрийн түүхий эд материалаа, зөв боловсруулаад, өөрт хэрэгтэй хоол хүнсээ бэлтгэж чадахгүй байна. Энэ бол манай нийгмийн зүгээс  “Cook time” нэвтрүүлгийн  уран бүтээлийн бодлогыг тодорхойлж, чиглүүлж байгаа захиалга гэж бид үзэж байгаа. Тэрчлэн хүн  төрөлхтний түүхэн хөгжлийн явцад бүтээж бий болгосон оюуны сан хөмрөг, материаллаг хэрэгцээ, түүнтэй харьцах соёл, өв уламжлал бол хоол хүнс. Түүнээс ч бид суралцаж, мэдээлэл авч, өөрт шаардлагатай зүйлдээ зөв сонголт хийж хэрэгцээгээ зөв тодорхойлж  сурах ёстой. Аливаа улс үндэстэн өөр, өөрийн өв соёл, шашин шүтлэг, нийгмийн байгуулал, эдийн засгийн бааз суурь, амьдралын хэв маяг, цаг агаар, газар зүйн байршил зэрэг олон зүйлээрээ ялгаатай. Энэхүү ялгаатай талд Монголчууд бид яаж хүндэтгэлтэй хандаж байгаа нь та бидний хоол, хүнсэндээ хандаж байгаа хандлагаар л илэрч харагдана.  

С.Сүүлийн асуултыг таньд үлдээж байна. Сэтгүүлээр дамжуулан салбарынхандаа хэлэхийг бодож явда таны үг

Ш.Эрдэнэхүү: Бидний нийгэмд явуулж байгаа олон талт үйл ажиллагааны  чиглэлийг ойлгож, хүндэтгэж, идэвхитэй хамтран ажиллаж ирсэн бүх хүмүүтс баярлалаа  гэж хэлмээр байна.

 

ХООЛОО  ХИЙХ, ХАЙРЛАН ДУРЛАХ  ХОЁРТОО  ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ  ХАНДЪЯ

Ш. ЭРДЭНЭХҮҮ

 

С. Ярилцлага өгсөнд баярлалаа.

Судлаач, багш Ш.Эрдэнэхүү "Defacto" нэвтрүүлэгт уригдан оролцлоо Defacto нэвтрүүлэгт уригдан оролцож хөтлөгчийн сонирхсон асуултанд хариулж, Монголын ХҮҮ-ний салбарын хэмжээний ололт амжилт, тулгамдаад байгаа зарим асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.