’’Ямар бүтээгдэхүүнийг экологийн гэж нэрлэх вэ?’’ Ш.Эрдэнэхүү
""Ямар бүтээгдэхүүнийг экологийн гэж нэрлэх вэ?"" Ш.Эрдэнэхүү

     ТИС. КтМС-ийн Маркетинг үйл ажиллагааны удирдлагын профессорын баг


Хураангуй:
Даяршлын үйл явц улам эрчимжиж, олон улсын худалдаа хөрөнгө оруулалтын капиталын урсгал чөлөөтэй болж байгаа шинэ зуунд Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилт хурдацтай өрнөж байна.
    Зах зээлийн эдийн засагтай улс орнуудын эдийн засгийн өсөлтийг хангахад бизнесийн үйл ажиллагааг дэмжих, гадаад зах зээлд гарах боломжийг нээлттэй болгох нь чухал байдаг. Иймд  бизнес эрхлэгчдэд хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлж тэднийг зүйл бүрээр дэмжиж хөгжүүлэх нь эдийн засгийн өндөр өсөлтийг хангаж улмаар ажилгүйдэл, ядуурлыг багасгах нөхцлийг хангаж чадна.
    Бизнес эрхлэгчид нь гадаад худалдааг хөгжүүлэхийн тулд бүтээгдэхүүнд хандах дэлхий нийтийн “Экологийн” гэгдэх чиг хандлагыг үндэснийхээ эрх ашигт нийцүүлэх, улмаар эрх зүйн орчныг бүрдүүлэх, хүн амын дунд энэ талаар тодорхой мэдлэг, боловсролыг олгох нь бидний үүрэг болж байна.
Иймээс үүний хүрээнд:
  •    Эдийн засгийн өсөлт,  ба экологи,
  •    Бүтээгдэхүүний амьдралын мөчлөг ба стандартчлал,,
 зэрэгт дүн шижилгээ   хийж хэрэгжүүлсний үр дүнд Экологийн бүтээгдэхүүнийг бий болгож чадна.

Эдийн засгийн өсөлт, хөгжил ба экологи:

Өнгөрсөн зуунд бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн “Чанарын” асуудалд нэлээд их анхаарлыг хандуулж энэ чиглэлээр олон зуун онол, бүтээл туурвиж хэрэгжүүлж ирсэн бол, өнөөдөр  дэлхий дахинд үүн дээр нэмэлт болгон экологийн гэх шаардлагыг тогтоож, түүнд “Экологийн” гэсэн нэр өгдөг боллоо.
    Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед “экологийн цэвэр”, “байгалийн”, “эко”, ”био”, “органик хүнс” зэрэг ойлголтуудын талаар их ярьж янз бүрийн төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж байна. Хэн дуртай нь эдгээр нэр тэмдгийг үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнд өгч, зарим тохиолдолд үйлдвэрлэгчид маань өөрсдөө ч гэсэн өөрийн бүтээгдэхүүнийг ийм нэрийн дор борлуулж сурталчилдаг боллоо.

    Экологийн хэмээх асуудалд ихээхэн анхаарч бүтээгдэхүүн, үйлдвэрлэлд энэ шаардлагыг тавих болсон нь нэг талаас жил бүр 1.4- 1.5 % -иар буюу 86-93 сая хүнээр нэмэгдэж байгаа дэлхийн хүн амын хүнсний хангамжийн асуудал хурцдаж байгаатай холбоотойгоор байгалийн нөөц хомсдож байгаа нөгөө талаас түүхэн өнгөрсөн хугацаанд дэлхий дахиныг түгшээсэн  “Хүлэмжийн үзэгдэл”, “ Озоны цоорхой” “Дэлхийн дулаарал”, “Далайн төвшний ихсэлт”, “Ган”, “Цөлжилт”, “Биологийн төрөл зүйлийн хомсдол”, “Хүчиллэг бороо” гээд маш олон асуудал гарч ирсээр байгаа нь энэ талаар улс гүрэн, бүс нутаг, дэлхий дахины гол бодлого, анхаарлыг татсаар байгаатай тус тус холбоотой юм. Тийм учираас дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлөө хангахын тулд эдийн засгийн өсөлт, хөгжлөө нийгэм, экологийн асуудалтай холбон үзэх боллоо. Ялангуяа НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд хөгжил, орчны асуудалд онцгой анхаарч 1982 онд дэлхий дахиныг хамарсан НҮБ-ын хэмжээний бага хурал зарлан хуралдуулж хүн төрөлхтөний дараагийн зуунд мөрдөх гол чиг баримжаа болсон гол баримт бичиг болох “ Хориннэгдүгээр зууны мөрийн хөтөлбөр”- ийг Рио де Жанейрод баталсан.

Риогийн бага хурлаас гаргасан “Хориннэгдүгээр зууны мөрийн хөтөлбөр”, “Байгаль орчин, хөгжлийн тухай тунхаглал”-д заасан тогтвортой хөгжлийн үзэл санаанд нийцүүлэн Монгол Улс ирэх зууны тогтвортой  хөгжлийн үндэсний хөтөлбөрөө боловсруулж 1988 онд баталсан байна.
    Энэхүү үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс салбар тус бүр өөрийн эрх үүргийн  дагуу үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг боловсруулан ажиллах болсонтой холбогдуулан Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төв нь “Чанарын болон байгаль орчны удирдлага ( менежмент)-ыг дэмжих үндэсний хөтөлбөр” ийг боловсруулж Засгийн газрын 2002 оны 146 дугаар тогтоолоор батлуулан хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн 4, 2 дахь заалт, Засгийн газрын 2005 оны 127 дугаар тогтоолын 3 дахь заалт тус бүрийг үндэслэн Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв болон Монголын Хүнсчдийн Холбоо хамтран “Экологийн хүнс” хэмээх нэр томъёоны тодорхойлолтыг гаргаж, түүнд тавих шаардлага бүхий стандарт боловсруулах ажлын хэсгийг томилон ажилуулж байна.

Бүтээгдэхүүний амьдралын мөчлөг ба стандартчлал:

Ер нь Экологи (oikos- гэр, орогнох гэсэн утгатай  грек үг) гэдэг бол хүрээлэн буй орчин түүнд оршин амьдарч байгаа амьтан, ургамал, тэдний хоршин амьдрах нөхцөл мөн өөр хоорондын харьцааг судлаж хамгаалах, сайжруулах, ашиглах зорилготой биологийн ухааны нэгэн салбар юм.
    Эндээс “Экологийн хүнс” гэсэн ойлголтын. Тодорхойлолтыг гаргахын тулд бид  нэгэн нэр томъёоны талаар дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
    Энэ нь бүтээгдэхүүний амьдралын мөчлөг юм. Түүхий эд материалыг хүлээн авч боловсруулахаас эхлээд эцсийн хаягдал хүртэлх бүтээгдэхүүний тогтоолцооны дараалсан буюу дамжлага дундын үе шатыг Амьдралын мөчлөг гэнэ.  ( MNS ISO 14020 -96 стандартаас иш татав )
Үүнээс авч үзвэл  Экологийн хүнс гэдэг нь түүхий эд материалаас эхлээд бүтээгдэхүүн, хог хаягдал бусад зүйлсийг гаргах хүртэлх бүх үе шатандаа  хүрээлэн буй орчноор дамжуулан хүний бие махбодод аливаа хохирол учруулдаггүй бүтээгдэхүүнийг хэлнэ.гэж  тодорхойлох нь зүйтэй байна.
    Манай улс холбогдох стандартын шаардлагыг хангаж байгаа аливаа бүтээгдэхүүнд “Тохирлын тэмдэг” –ийг хэрэглүүлдэгтэй адил  амьдралынхаа  мөчлөгийн туршид хүний бие махбодод хүрээлэн буй орчноор дамжуулан хохирол учруулдаггүй бүтээгдэхүүнд  “Эко-хүнс” гэсэн тэмдгийг хэрэглүүлдэг болгох тогтолцоог бүрдүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна.
    Дээрхи бэлтгэл ажил нь “Эко-хүнс” тэмдэгтэй бүтээгдэхүүнийг илүү сонирхох, дэмжих нь ямар ач холбогдолтой болох талаар тодорхой ойлголтыг нийт хүн амд ойлгуулснаар өөрсдөө эрүүл оршин тогтнож хойч ирээдүй маань он удаан жилийн туршид мөн цэвэр байгалийн үр шимийг амсаасай гэсэн зорилготой.
    Яагаад “Экологийн хүнс” гэсэн асуудлыг эхлээд тавьж байгаа нь ойлгомжтой байх гэж бодож байна.
    Хүнс бол бидний амьдралыг тэтгэгч гол хүч, хүнсийг  хэрэглэдэггүй хүн гэж байхгүй.
    Хүн амын амьжиргааны төвшин сайжирч, мэдээллийн технологи маш хурдацтай хөгжиж байгаа өнөө үед манай иргэд өөрийн эрүүл мэнддээ онцгой анхаарал тавьж энэхүү асуудлыг хүнсээр дамжуулан шийдвэрлэх нь хамгаас чухал  болж байгааг ойлгодог болсон цаг билээ. Тийм учираас ямар бүтээгдэхүүнийг “Экологийн” гэж овоглох болсныг нийт хүн амд тайлбарлахын тулд хүнсийг сонгож авсан нь энэ юм.
    Жишээ дурдвал:

    Бидний хүнсэндээ хамгийн түгээмэл хэрэглэдэг хүнс болох талхыг авч үзье. Талхыг  тариа буудайнаас гаргаж авна, өөрөөр хэлбэл түүхий эд нь гэсэн үг.
    Талх хүнд ямар нэг хоргүй байхын тулд тариа буудай цэвэр орчинд ургах ёстой. . Гэтэл талхыг савладаг гялгар уут бидний хүрээлэн байгаа  орчныг маш ихээр бохирдуулаад байх юм бол түүний шаталтын бүтээгдэхүүн  болох удаан задардаг органик бодис нь хөрсийг бхирдуулаад зогсохгүй энэ нь хуримтлагдан зөвхөн тариа буудайгаар дамжин талхаар дамжин хүний биед  нөлөөлөхөөс гадна агаар орчноор бидний  эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.