Хоолны хордлого гэж юу вэ
ХООЛНЫ ХОРДЛОГО ГЭЖ ЮУ ВЭ?
    Хүнсний бүтээгдэхүүний буруу хадгалалт, тээвэрлэлт түүнчлэн боловсруулалтын явцад эрүүл ахуй, технологийн горим алдагдах, хувь хүний буруу үйл ажиллагаа зэргээс хамаарч чанар байдлаа алдах, гадна орчны нөлөөлөл үйлчлэх, нян үржих нөхцөл үүсдэг. Ийнхүү эрсдэлд өртсөн хүнсний бүтээгдэхүүн нь хоолны хордлого үүсгэнэ. “Хорт бодис эсвэл эмгэг төрөгч бичил биетэн агуулсан хоол, хүнс хэрэглэснээр үүсэх өвчлөлийг хоолны хордлого гэнэ” гэж тодорхойлж болох юм. Хоолны хордлого нянгийн ба нянгийн бус (химийн) гаралтай байдаг. Нянгийн гэдэг нь түгээмэл тохиолдлоор илэрдэг, сальмонелл ба гэдэсний бүлгийн савханцараар үүсгэгдсэн хордлого юм. Энэ бүлгийн нянгууд нь ихэвчлэн өвчилсөн амьтны мах, махан бүтээгдэхүүн (буруу хадгалалттай, боловсруулалт хийсэн, чанар байдлаа алдсан), өндөг зэрэг түргэн гэмтдэг бүтээгдэхүүнд элбэг үүснэ. Харин нянгийн бус хордлого гэдэг нь хорт өвс, хортой мөөг, зарим төрлийн загас, химийн бодисоос үүсдэг. 


Нянгийн гаралтай хоолны хордлого:

  • Сальмонеллийн бүлгийн нянгаар хордох
  •  Гэдэсний эмгэг төрөгч нянгаар хордох
  • Ботулизм-агааргүй (анаэрбоы) нөхцөлд амьдардаг хөдөлгөөнт савханцар (бацилл)-аар үүсгэгдэж хордох
  • Стафилококкийн хоолны хордлого- маш түгээмэл тохиолддог нянгаар хордох

Нянгийн бус гаралтай хоолны хордлого:

  • Хүнд металлын давсны хордлого
  • Химийн хорт бодисын хордлого
  • Мөөгний хордлого
  • Хорт ургамал, жимсний хордлого

Хоолны хордлогын шинж тэмдгүүд

        Хоолны хордлогын шинж тэмдгийн илрэх хугацаа нь харилцан адилгүй бөгөөд хэрэглэсэн хоол, хүнсний бүтээгдэхүүний бохирдлын хэмжээнээс шууд хамааралтай. Хорт бодис агуулсан хоол, хүнс идэж хэрэглэсэнээс болж хагас цагийн дараа ч шинж тэмдэг илэрч, хэдэн өдрөөр ч үргэлжилж болно. Хоолны хордлогын шинж тэмдэг янз бүрээр илэрнэ. Хамгийн түгээмэл тохиолдол нь халуурах, хоолны дуршил буурах, нүд шарлах (гепатит А–гаар хордсон тохиолдолд) зэрэг шинж тэмдэг илэрнэ. Цусан суулгын үед хүчтэй гүйлгэж өндөр халуурна. Хоолны хордлогын хамгийн аюултай хэлбэр нь ботулизмын хордлого байдаг. Энэ хордлогын шинж тэмдэг нь хараа муудах, бие сулрах, мэдрэлийн систем бүхэлдээ хүлээж авах чадваргүй ч байж болно. Энэ төрлийн хордлого нь хиам, далайн бүтээгдэхүүн, түүнчлэн зөгийн балнаас ч болж үүснэ. Олон төрлийн мөөгөнд байдаг хорт бодис тун аюултай. Энэ хордлогын үед дотор муухайрах, бөөлжих, халуурах түүнчлэн хий юм үзэх тохиолдол ч бий. Пестицидийн хордлогын үед сульдаа, булчингийн таталт, шүлс их хэмжээгээр ялгарах, гар, хөл чичрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгийн тусламж авах нь хамгийн чухал, харин сонссон сураг, өмнөх туршлага, энгийн хүний зөвлөгөөгөөр эмчилгээ хийхийг хориглоно.

 Мөөгний хордлого
    Хүн төрөлхтөн эрт цагаас эхлэн мөөгийг хоол хүнсэндээ өргөн хэрэглэсээр ирсэн билээ. Гэвч мөөг нь идэшний, идэшний бус (хортой) гэж байдаг. Мөөг нь шинэлэг байдлаараа удаан хадгалагдах боломжгүй учраас хатаах, давслах, даршлах, консервлох аргуудаар бэлтгэж хэрэглэдэг. Дээрх ажиллагааны явцад технологийн горим алдах, буруу хадгалах зэрэг нь хордлого гарах шалтгаан болохоос гадна мөөгийг танихгүйгээс хортой мөөг хэрэглэсэнээс үүссэн хордлого түгээмэл байдаг. Мөн давсалсан, цуужуулсан мөөг хадгалсан савнаас, эсвэл мөөгийг буруу боловсруулсан зэргээс хордож болно. Мөөгний хордлогын шинж тэмдэг нь хэрэглэсний дараа цаг орчмын дараа илэрч, бие сулрах, дотор муухайрах, таталт өгөх, хий үзэгдэл илрэх шинж тэмдэг илэрдэг.

Хортой мөөгний тухай

Хортой мөөгийг хордуулах байдлаар нь үндсэн 3 бүлэгт хуваадаг.
1.    Хоол боловсруулах эрхтнийг хордуулах мөөгүүд.  Энэ төрлийн мөөгний хордлого 15-60 минутын дараа илэрч 2-7 хоног үргэлжлэх бөгөөд сул биетэй өвчтөнийг үхүүлж ч мэднэ. Үүнд: Сархи, бүрэн чанагдаагүй намрын Хожуулдай, Далбигын төрлийн зарим мөөгнүүд орно
2.    Мэдрэлийн системд огцом нөлөөлдөг хор бүхий Ялхор, Хүрмэг, Сархи төрлийн зарим зүйл мөөгнүүд багтдаг. Эдгээр мөөгийн хордлого 30 минутаас 2 цагийн дараа мэдрэгдэж инээх, уйлах, хий юм харах, ухаан алдах гэдэс хямрах зэргээр илэрнэ.
3.    Хор нь цусны сийвэнд шууд нөлөөлдөг цайвар, үмхий болон хаврын зэрэг Ялхор орно. Энэ бүлэгт багтдаг мөөгний хордлого 30 минутын дараа элэг бөөрөнд үйлчилж эхэлдэг хэдий ч 24-48 цагийн хооронд хордлогын ямарч шинж илэрдэггүй. Хэдийгээр хортой мөөг идэшний мөөгнөөс цөөхөн нь ч хор уршиг нь багадахгүй. Иймээс хортой мөөгнүүдийг идэшний мөөгнөөс ялгаж сурах нь чухал. Хортой мөөг чанасан уусмалд мөнгөн халбага хийхэд харалдаг.
Мөөг хөгширхөд түүнд буй бодисууд задарч эхэлдэг учир удаан хадгалсан хүнсний мөөгөнд нь ч хордож болох талтай.


    - Тарвас (шийгуа)-наас ч хордож болно
Тарвас нь 90 орчим хувийн уснаас бүрддэгч их хэмжээний амин дэм, ашигтай бодис агуулсан жимс. Тарвасны хордлого дулааны улиралд түгээмэл байдаг бөгөөд түүхий дутуу болсон тарвасыг хураан авч буруу нөхцөлд удаан хадгалж хэрэглэснээр хордлогод хүргэнэ. Лангууны жимснээс амтлахыг татгалзах хэрэгтэй.



    - Нүүрстөрөгчийн ислийн хийн (угарын)  хордлого
Нүүрстөрөгчийн ислийн хордлого хүний бие организмд илрэхийг олон жилийн туршид “угарын хордлого” нэрлэж иржээ. Орчин үед “угарын хийн хордлого” түгээмэл илрэх боллоо. “Угарын хий” хамгийн аюултай  шинж нь агаарт тархсан эсэхийг тусгай тоног төхөөрөмжгүйгээр мэдэх боломжгүй, хий ямар ч үнэргүй байдаг. Ердийн зуухны ойролцоо хүчилтөрөгчийн консентраци хангалттай биш бол “Угарын хий” үүсэх бүх л нөхцөл бүрддэг байх жишээтэй. Энгийн автомашины хөдөлгүүр асах үед нүүрс хүчилийн хийн оронд (бензин шатах бүтээгдэхүүн) хүн хордоход ч хүргэх угарын хий үүсдэг. Угарын хийн хордлого нь хэзээ түүгээр амьсгалж эхэлснээ ч үл анзаараагүйгээр гэнэт үүсдэг. Хордлогын шинж тэмдэг нь толгой өвдөх, ухаан самуурах, хоолой боох шинж тэмдгээр илэрч, цэвэр агаар яаралтай амьсгалуулахгүй бол үхэлд ч хүргэдэг.


     - Мөнгөн усны хордлого
Мөнгөн ус их хэмжээгээр агуулсан агаараар удаан хугацаанд амьсгалвал мөнгөн усны хордлого үүсдэг. Түүнчлэн мөнгөн ус хүний арьсанд хүрэх, ямар нэг хэмжээгээр хоол боловсруулах системд нэвтрэн орсоноор хордоно.

    Мөнгөн усны хордлогын шинж тэмдэгүүд энгийн хоолны хордлогын шинж тэмдэгтэй адил төстэй. Үүнд: бие сулрах, дотор муухай оргих, толгой өвдөх, өндөр халуурах, огиулах, зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хордлого илэрсэн үед цаг алдалгүй зөв эмчилж богино хугацаанд эдгээж болно. Их хордсон үед эмчилгээний үр дүн удаан байх талтай.
    Мөнгөн усны хордлогыг шүлс, шээс, ялгадасны шинжилгээгээр тодорхойлогдоно. Эмчилгээний арга нь бие махбодиос мөнгөн усыг гаргах зарчмаар хийгддэг. Мөнгөн усны хордлогын архаг хэлбэрээр өвчилж буй өвчтөнд хүхэрт устөрөгчийн ванныг хэрэглэдэг.

    - Хлор – хордлогын эх булаг
Хлор нь хий, чөлөөт хэлбэрт ногоон- шар, шар өнгөтэй, маш хурц үнэртэй химийн бодис байдаг. Хлор нь хүний бие организмд тодорхой хэмжээгээр байдаг. Харин хийн зөвшөөрөгдөх концентраци ихсэхэд хүнд хортой нөлөө үзүүлнэ.
    Ялангуяа амьсгалын замаар бие мах бодид нэвтрэн орвол хий хэлбэрийн хлор аюултай. Энэхүү хийн үйлчлэл нь хүчтэй хордох шалтгаан болно. Хлор нь хүний амьсгалын замаар организмд нэвтрэн орж, улмаар амьсгалын үйл ажиллагааг бүрэн дарангуйлж, уушгинд химийн түлэгдэлт үүсгэж, үхлийн шалтгаан болдог. Хөнгөн хэлбэрээр хордоход цээж өвдөх, нүд хуурайших, хуурай ханиалгах, уушиг хавагнах шинж тэмдэг илэрнэ. Зарим тохиолдолд эхний үед анзаарагдахгүй ч бие махбодын байдлаас болж хэдэн өдрийн дараа үхэлд ч хүргэж болзошгүй. Хлорын үйлдвэрт ажилладаг хүмүүс хордлогод өртөх магадлалтай. Тэдэнд эмнэлэгийн үзлэг байнга хийх шаардлагатай. Хлорын бага зэрэг хэмжээ (доз) нь сүрьеэгээр өвдөх аюулд хүргэнэ.

Монгол улсын үндэсний зөвлөх, Нийтийн хоолны инженер технологич, С.Нарангэрэл, доктор (Ph.D)